Миний тухай

     Би эдийн засагч Д.Салдангийн дөрвөн хүүхдийг отголон төрсөн билээ. Аав маань Архангай аймгийн Хотонт сумын уугуул, ээж Чимэддолгор Завхан аймгийн Улиастай хотоос гаралтай юм. Харин би Улаанбаатарынх. Миний аав 1958 онд Москвагийн ЭЗДС-ийг төгсөж ирээд Улсын Төлөвлөгөөний Комисст мэргэжилтэн, хэлтсийн дарга, орлогч дарга, нэгдүгээр орлогч дарга, Гадаадтай Эдийн засгийн талаар Харилцах улсын хорооны дарга, сайд гээд улс орны эдийн засаг, томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг гуч гаруй жилийн турш удирдсан юм. Тэр үед гадаадтай Эдийн засгийн талаар Харилцах хороог “Салдангийн хороо” хэмээн товчилж нэрлэх нь албан хаагчдын дунд түгээмэл байсан гэж манайд хааяа цуглардаг ахмадууд хуучилдаг юм. Гадаадын зээл, тусламжийг аль салбарт, хэрхэн оновчтой хуваарилж зарцуулах вэ гэдгийг энэ хороо мэддэг байжээ. Аав маань 1978 оноос Унгар, Австри улсад элчин сайд, Гадаад харилцааны яаманд Монгол-Зөвлөлтийн хилийн комиссын Монголын хэсгийн даргаар мөн ажиллаж байсан.



     Миний хамгийн их бахархдаг зүйл аав маань гадаад орнуудын хамтын ажиллагаа, тусламжаар барилга байгууламж бариулах том бүтээн байгуулалтын ажлыг санаачлан олонхи гэрээ хэлэлцээр төслүүдийг өөрөө гардан удирдаж байсан явдал бөлгөө. Эрдэнэт, Говь зэрэг үйлдвэрүүд, нийслэлийн 3, 4, 12, 19, 1-р хорооллууд, Дархан, Эрдэнэт, Багануур, Чойбалсан хотуудыг шинээр барьж, байгуулах, хэрэгжүүлэх сүндэрлэн байгаа Улсын цирк, Хангай зочид буудал, Хүүхдийн ордон зэргийг бариулж байхад би аавыгаа дагаад барилгын талбай дээгүүр явдаг байсан. Хийж босгосон зүйлтэй байх сайхан гэдгийг аав маань надад биерээ ойлгуулсан даа. Би аавынхаа “Юмыг сэтгэлээрээ шийдвэл зөөлөн боловч алдаа ихтэй, харин ухаанаар шийдвэл тухайн үед хатуу боловч алдаа бага” гэсэн үгийг байнга санаж явдаг.

     Ээж маань барилгын инженер мэргэжилтэй хүн болхоор баригдаж буй барилгуудын явцад их л санаа зовж, санал бодлоо аавд байнга л хэлдэг байлаа. Миний ээж барилгын инженерийн мэргэлжлийг эзэмшсэн анхны эмэгтэйчүүдийн нэг бөгөөд Улсын Барилгын Зургийн Төв Институтын Төсвийн товчоог 1961-1980 оны үед удирдаж байсан. Ээж маань өндөр шаардлагатай, чанд нямбай хүн. Одоо хүртэл өдөрт 2 удаа надруу утасдаж, бүх зүйлийг асууж, лавлаж зөвөлдөг хэвээрээ.



     Иймэрхүү замналтай хоёр хүний отгон охин болж төрсөн би багаасаа л ах эгч нарын нөлөөгөөр хичээл номондоо шамдахын хажуугаар олон нийтийн ажил, урлаг соёлын арга хэмжээнд идэвхийлэн оролцдог хүүхэд байсан. Аав ээж хоёр маань хүүхдүүдийнхээ дур сонирхол, авьяасыг хөхүүлэн дэмждэг байсан болхоор бид нар бүгдээрээ л сонгуульт ажил, дугуйлан курс гээд гэртээ оройхон цуглардаг байж билээ.



Зургадугаар ангидаа би “Гоцлол хөгжимчдийн улсын уралдаан”-д оролцоод Моцартын “Турк марш”-ийг тоглон нэгдүгээр байр эзэлж, Болгарт амрах эрхийн бичгээр шагнуулж байлаа.

     Би гимнастик, төгөлдөр хуурын дугуйланд явангаа бүлгэмийн зөвлөлийн сонгуульт ажил хийдэг байсан. Хүүхдийн төлөвшилд томчуудын гаргасан шийдвэр их нөлөөлдөг гэдгийг би нэг зүйл сайн мэдэрч билээ. Зөвлөлтийн удирдагч Л.И.Брежневийг Монголд айлчилах үеэр цэцэг өгөх хүүхдийг сонгоход би шалгараад их л хичээж бэлдэж байлаа. Урьд шөнө нь халуураад уг ёслолд оролцож чадахгүй болсонд өөртөө гомдож, бүр уйлж байсан. Намайг гомдоохгүйн тулд дараа жилийн Октябрийн баяраар Ю.Цэдэнбал гуайд цэцэг өгүүлж байлаа. Амьдралд минь олон сайхан хүмүүс тааралдаж, туслаж дэмжиж байсанаас төгөлдөр хуурын дугуйлангийн багш Норжин, 1 дүгээр ангийн багш Гантөмөр, биеийнтамирын багш Туяа, Номинчулуун, анги даасан багш Магсаржанцан, Гүррагчаа, Монгол улсын гавьяат багш Түвшин нарыгаа байнга санаж явдаг. Бага насны мартагдашгүй дурсамж үлдээсэн багш нартайгаа одоо ч холбоотой байдаг.

     1978 онд болсон гоцлол хөгжимчдийн тэмцээнд Моцартын “Турк марш”-г тоглож 1-р байр эзлэн Болгар улсад амрах эрхээр шагнагдасан маань надад их урам өгч билээ. Тэр үед анх “Хүн хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэх сайхан юм даа” гэсэн бодол төрж байсан юм. Тэрнээс хойш бүхий л том концертонд гоцлон тоголдог болоод хичээлд суух цаг багассаг ч яаж ийгээд хичээлээ таслахгүй, тоглолт, хичээл аль алиныг амжуулахыг хичээдэг байлаа.

     Том ах маань олон улсын худалдааны мэргэжилтэй, хоёр эгч надтай адил эдийн засагч. Би ханьтайгаа дунд сургуульд нэг ангид суралцаж байсан, хожим нь Санкт-Петербургт дахин хамтдаа суралцах тавилан тохиож бид хоёр яг ижил мэргэжил эзэмшисэн.

Түүний хобби бол хүүхэлдэй цуглуулах, төгөлдөр хуур тоглох юм. Тэрээр “Алтан Гадас Одон”, “Эрүүл мэндийн Эрүүлийг хамгаалах тэргүүний ажилтан”, “Азийн бүтээмжийн байгууллагын хүндэт гишүүн”, “Хүүхдийн төлөө Алтан Түлхүүрийн эзэн”, “Нийгмийн шилдэг эмэгтэй зүтгэлтэн”, “JCI -н хамгийн анхны эмэгтэй ерөнхийлөгч” зэргээр тус тус шалгарч мөн өшөө олон шагналуудын эзэн болж байжээ.

     2006 оноос би “Иргэн та баялаг сан” ТББ-г санаачлан тэргүүнээр нь ажиллаж байна. Манай сан “иргэн баян бол улс баян” гэсэн либераль үзэл санааны дор иргэдийн эдийн засгийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл мэндийн мэдлэг олгох, дадал зуршил төлөвшүүлэх, нийгэмд сонирхлын бүлгүү-клубын системийг нэвтрүүлэх, хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа. Ардчилсан намыг үзэл баримтлал, арга барил нь нээлттэй, эрх тэгш байдгаараа надад таалагддаг учраас энэ намыг сонгосон юм. Одоо би Ардчилсан намын ҮЗГ-ны гишүүн. Намын бодлого шийдвэрлийг хэрэгжүүлэх замаар улс орныхоо хөгжил, нийгмийн дэвшилд өөрийн хувь нэмрийг оруулна гэж зорьж явна аа.

     Эх оронд минь эрүүл, мэдлэг боловсролтой, чинээглэг иргэд зонхилж, элгээрээ энх төвшин жаргах тэр цагийг ойртуулахад чадах бүхнээ хийх итгэл төгс байна би.