Экспортын орлого нэмэгдүүлэх дээр онцгой сайн ажиллаж байж эдийн засгийн хүндрэлээс гарна

Цаг үеийн мэдээ   •   2022-04-29

 

Ойрын өдрүүдэд бараа бүтээгдэхүүний үнэ өсөж ам.долларын ханш ч нэмэгдэж олдоц нь эрс багассан шалтгаанаар иргэд жагсаж Засгийн газрыг ажлаа хийхийг шаардсан. Төв банк ( Монголбанк)-ны тухай хуулинд “Монгол банкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино” гэж заасан байдаг. Манай намын эдийн засагчид ч зардлаа хэмнэх талаар тооцоолол, судалгаа гаргаснаа танилцуулсан энэ талаар ярилцлаа.

Ц.Баярцогт, Ч. Отгочулуу нарын Ардчилсан намын эдийн засагчид цаг үеийн нөхцөл байдал хийгээд өнөөгийн эдийн засгийн байдлаар санал гаргаад байгаа. Энэ талаар танаас тодруулга мэдээлэл авч болох уу?

“Өнөөгийн энэ эдийн засгийн нөхцөл байдал бий болсон шалтгаануудыг зөв оношлох нь чухал байна. Оношоо зөв тавьж чадвал эмчилж болно. Зөв онош тавихын тулд ш/у-нд, түүнчлэн эдийн засгийн үзүүлэлтэнд үндэслэх шаардлагатай” гэж тэд үзэж байгаа.

Сүүлийн арав гаруй жилийн эдийн засгийн тооцоолол гаргачихсан байх шиг байсан?

Сүүлийн 11 жилийн хугацаанд төгрөгөөр илэрхийлсэн ДНБ 2.8 дахин, улсын төсвийн зарлага 3.1 дахин, 1 хүнд оногдох ДНБ 2.2 дахин өссөн. Гэтэл энэ 11 жилийн хугацаанд ам.доллароор илэрхийлсэн ДНБ ер өсөөгүйгээр барахгүй 2017,2018,2019 онуудад буурсан байна. Энэ хугацаанд 1 хүнд оногдох ДНБ дунджаар 4258 ам$, хамгийн дээд тал нь 2013 онд 4658ам$-т хүрчээ. Мөн энэ хугацаанд улсын дундаж цалин 435ам$, мөн энэ тоо 2013 онд 475 ам$ хүрсэн бол, 2016,2017,2018 онуудад 387-410ам$-н хооронд хэлбэлзэн буурсан.

Түүнчлэн, өнгөрсөн 7 жилийн хугацаанд улсын төсвийг нийт 16-17 их наяд төгрөгийн алдагдалтай баталж иржээ. Дээрхээс өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд “бодит эдийн засаг, мөн экспортын өсөлтөөс харьцангуй их хэмжээгээр төгрөг хэвлэж зах зээлд нийлүүлэн төсвийн зарлагыг хэт их тэлсэн”гэсэн дүгнэлт гарч байгаа.

Өнгөрсөн хугацаанд төсвийн зарлага өссөн ч үр өгөөж нэмэгдсэнгүй гэж үзэж байгаа гэсэн үг үү?

Төсвийн зарлагыг 3.1 дахин өсгөсөн ч төсвийн үр өгөөж сайжирсангүй, энэ үзүүлэлтээр олон улсын хэмжээнд сүүл мушгисан хэвээр байна. Энэ нь улсын төсвийн зарлагыг их хэмжээгээр тэлсэн ч эргээд бодит эдийн засгаа дэмжих, эскпортын тэлэлтийг дэмжих хөрөнгө оруулалт хийгдээгүй, хийсэн ч хямралын энэ үед бодитоор үр дүнгээ өгч эхлээгүйг илтгэж байна.

Тэгвэл татвар төлөгчдийн хөрөнгө болох улсын төсвийн энэ их зардал хаашаа орсон бэ?

Төсвийн зарлагыг цаашид нэмэгдүүлэх төрийн байгуулагын контор, соёлын төв, усан бассейн, ахмад, залуучуудад үйлчлэх төв гэсэн олон барилга барьж, энэ барилгыг ажиллуулах хүн, ашиглалтын зардал гээд төсвийн зардлыг нэмэгдүүлсээр байна. Мөн төрийн албан хаагчдын тоог өнгөрсөн 5-6 жилийн хугацаанд 20 орчим мянган хүнээр нэмэгдүүлсэн гэсэн мэдээлэл байдаг. Нэг төрийн албан хаагчийн жилийн нийт зардлыг 15 орчим.сая. төг гэвэл нийт 300 орчим тэрбум төгрөгөөр жилийн төсвийн урсгал зардал нэмэгдэнэ. Түүнчлэн, халамж авагч иргэдийн тоо 3 дахин нэмэгдсэн.

Халдварт өвчний хилийн хорио зэргээс тээвэр ложистикийн хямралаас үүдэн гадаад худалдаа, ялангуяа экспортын бодит хэмжээг нэмэгдүүлж чадахгүй буурсаар байхад 10 их наядын хөтөлбөрийг зарласан нь төгрөгийн нийлүүлэлт эрэлтээс давж төгрөгийн ханшыг унагах гол хүчин зүйл болсон гэсэн дүгнэлтэнд хүрч байна.

Өнгөрсөн 11 жилийн хугацаанд 1 хүнд оногдох ДНБ төгрөгөөр 2.2 дахин өсчээ.Харин энэ хугацаанд 1 хүнд оногдох ДНБ дундажаар 4258 ам$, хамгийн дээд тал нь 2013 онд 4658ам$-т хүрчээ.Тодруулбал ам$-р илэрхийлсэн ДНБ өнгөрсөн 11 жилийн хугацаанд өсөөгүй буурсан байна. Эндээс төгрөгийн худалдан авах чадвар 2.2 дахин буюу түүнээс дээш унасан гэсэн дүгнэлт хийж болно. Мөн энэ хугацаанд улсын дундаж цалин 435ам$, мөн энэ тоо 2013 онд 475 ам$ хүрсэн бол, 2016,2017,2018 онуудад 387-410ам$-н хооронд хэлбэлзэн буурчээ. 2022 онд улсын дундаж цалинг 1,335,000төг, $-оор 469 байхаар төсөвлөсөн, үүнийг 3030( 1$=3030)-д хуваахаар 441 ам.$ болж буурахаар байна. Төгрөгийн худалдан авалтын уналтан дээр тээвэр ложистикийн хямрал, түүнчлэн тээврийн зардлын өсөлтөөс өргөн хэрэглээний импортын барааны хомсдож өдөр ирэх тусам үнэ нь өссөөр байна.

Цаашид тээвэр ложистикийн хямрал хэзээ хүртэл үргэлжлэх нь тодорхой бус байна уу?

Өнөөгийн байдлаар БНХАУ-р дамжиж буй тээврийн зардал 2021 оны 07 сартай харьцуулахад 3 дахин өссөн. Энэ тохиолдолд бид ашигт малтмалын, ялангуяа нүүрсний экспортыг нэмэгдүүлж чадахгүй бол гадаад валютын хомсдолд орж төгрөгийн ханшны уналт үргэлжлэх нь тодорхой болоод байна.  Тэгэхээр улсын төсөвт тодотгол хийж алдагдалгүй батлах, төсвөөс санхүүждэг төрийн бүх байгуулагууд хэмнэх боломжтой бүх зардлыг хэмнэх арга хэмжээг зайлшгүй авах шаардлагатай байна гэдэг дүгнэлтэд хүрээд байгаа.

Энэ хямралыг боломж болгож төсвөө эрүүлжүүлж дунд хугацаанд төсвийн үр ашгийг дээшлүүлэх нь юу юунаас чухал.  Төрийн чиг үүрэгт хамаарахгүй аливаа бараа, ажил, үйлчилгээг татвар төлөгчдийн хөрөнгөөр санхүүжүүлдэгээ зогсоох хэрэгтэй.  Төрийн байгуулагуудын конторын барилгад тооллого явуулж 30-аас доошгүй %-р цөөрүүлэх ёстой гэж намын эдийн засагчид санал нэгдсэн.  Жишээлбэл Татвар болон НД-н байгуулагууд тусдаа контортой байх ямар ч шаардлагагүй. Төрийн үйл ажиллагаанд Цахим шилжилт хийх ажлыг хурдасгаж цаг хугацаа, орон тоо, зардал хэмнэх, улсын төсвөөр барьж буй барилга, байгууламжийг 2 жилээс уртгүй хугацаанд барьж дуусгадаг байх, санхүүжилтийн хувиарийг мөн 2 жилээс уртгүй хугацаагаар улсын төсөвт суулгадаг болохыг хуульчлах зэрэг ажлуудыг яаравчлах хэрэгтэй.

Үнийн өсөлт, гадаад валютын ханшийн суларч байгааг Монголбанк хариуцах ёстой гэдэг дээр таны байр суурь? 

Мэдээж Монголбанкны алдаа дутагдал бий. Он гарсаар 1.5 тэрбум ам.доллар интервенцэд зарцуулаад ч ханшаа барьж дийлсэнгүй. Гадаад валютын албан ханш огцом буурч байгаа. Мөнгөний бодлогыг УИХ-д өргөн барихдаа тооцоо судалгаа тааруу хийсэн гэж тэднийг буруутгаж болно. Гэвч бодит байдал дээр Засгийн газрын хэрэгжүүлж буй макро эдийн засгийн бодлого нь үнэ, ханшийн өсөлттэй шууд хамааралтай. Монгол Улсад хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх жилийн инфляц 2022 оны 2-р сард улсын хэмжээнд жилийн 14.2 хувь, Улаанбаатар хотод 15.5 хувь болж зорилтот түвшнээс 2-3 дахин өссөн байна. Үнийн өсөлтөд нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлс болох тээвэр логистикийн түгжрэл, түүнийг дагасан тээврийн өндөр зардал, Украйн ОХУ хооронд өрнөсөн дайн, дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлт зэрэг гадаад шалтгаан бий. Манай улсын дотоодын зах зээл дээр борлуулагддаг дийлэнх бараа, бүтээгдэхүүнийг импортоор авдаг учраас үнэ өсөх нь гарцаагүй. Гэхдээ бүх зүйл зөвхөн гаднаас шалтгаалсан гэвэл бас алдаа болно. Аливаа макро эдийн засгийн муу үзүүлэлт нь дунд, урт хугацаанд хэрэгжүүлсэн бодлогын алдааны урхаг байдаг. Ер нь сүүлийн жилүүдэд эдийн засгийг тогтворжуулах төсөв, мөнгөний бодлогын арга хэмжээ “бай”-гаа оноогүйн бодит жишээ юм.

2020 онд Монгол улсын эдийн засаг сүүлийн 25 жилд байгаагүй -5.3 хувь агшиж, өнгөрсөн жил ердөө 1.4 хувийн өсөлттэй гарсан гэдэг зүйл яригдаж байна

Яг энэ хэлээд буй эдийн засаг огцом агшиж эхэлсэн цагаас эхлэн үнийн хөөрөгдөл эхэлсэн байдаг. Үүнд эрх баригч намын хэрэгжүүлсэн алдаатай бодлого хамгийн ихээр нөлөөлсөн гэж үзэхээс өөр аргагүй. Өнгөрсөн хоёр жилд Засгийн газар нийтдээ 15.1 их наядаар хэмжигдэх хоёр томоохон хөтөлбөр хэрэгжүүлэхээр зарласан. Донор улс орон, санхүүгийн олон улсын байгууллагуудаас нэг тэрбум ам.долларын буюу бараг 3 их наяд төгрөгийн буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл авч ашиглажээ. Төсвөөс гадуур Эрдэнэт үйлдвэрээс нэг их наяд төгрөг, Оюу Толгой ХК-ний арбитрын шүүхийн барьцааны 1.2 их наяд төгрөг… гэх мэтээр асар их хэмжээний мөнгийг тооцоо судалгаагүй, гарч болох эдийн засгийн сөрөг нөлөөллийг тооцолгүй зах зээлд нийлүүллээ. Харамсалтай нь, их наядын хөтөлбөрүүд үндсэн зорилтоо биелүүлээгүйгээр үл барам улсынхаа эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Эдгээр хөтөлбөрүүдтэй холбоотой хоёрхон жилийн хугацаанд мөнгөний нийлүүлэлт 20 их наядаас 26 их наяд хүртэл 6 их наяд төгрөгөөр буюу эрс нэмэгджээ. Гэтэл нөгөө талд нь Монгол улсын ДНБ өсөөгүй. Эсрэгээрээ хоёр жилийн хугацаанд эрс бууралттай байна. Үүний сөрөг үр дагавар нь ийнхүү инфляцаар дамжин илэрч байгаа юм. Жижиг зах зээлд хиймлээр буюу зах зээлийн харилцаанаас гадуур асар их хэмжээний мөнгө цутгах нь эдийн засгаа хорлох маш буруу бодлого юм.

Дүгнэвэл, сүүлийн жилүүдэд, төсвийн бодлого бүрэн алдагдаж, төсвийн зарлага дэндүү ихэссэн гэж үзэж байгаа юм байна. Тийм үү?

Энэ жил урсгал зардал өмнөх оноос 32.8 хувиар, хөрөнгийн зардал 34.4 хувиар өсөж байгаа. Их наядаар тооцогдох ийм хэмжээний мөнгө валют хөөрөгдөх нэг шалтгаан мөн. Төсвийн бодлого, зорилт нь макро эдийн засгийн болон татварын тогтвортой орчныг бүрдүүлж инфляцыг хязгаарлахад чиглэх ёстой юм. 2020 онд төсвийн алдагдал 4.5 их наяд, 2021 онд 3.7 их наяд төгрөгт хүрч, энэ жил 2.4 их наяд төгрөг байхаар тооцсон. Ийнхүү Монголын төр түүхэндээ анх удаа гурван жилийн хугацаанд 10.6 их наяд төгрөгийн өр үйлдвэрлэх шийдвэр гаргаад байгаа. Энэ нь үнэ өсөх, үндэсний валютын ханш унах, валютын нөөц буурах, зээлийн хүү өсөх, зээлжих зэрэглэл буурах олон муу үр дагавар дагуулсан. Ам.долларын ханш сүүлийн хэдэн хоногт огцом өсөж 3100 төгрөгийг давлаа. Валютын ханш нь улс орны эдийн засгийн суурь үзүүлэлт, төр засгийн хэрэгжүүлж буй бодлогын толь гэж үзэж болно. Манай зах зээлд валют хомс байгаа нь өнгөрсөн хугацаанд экспортоо хангалттай хийж чадаагүйн балаг гэж үзэхээс өөр аргагүй. Монголын төр 200 км зам туулж түүхий эдээ нийлүүлж чадахгүй байхад Өмнөд Америкийн Чили, Перу зэрэг улсууд 20 000 км-ээс зэсээ Хятадад нийлүүлж чаджээ. 2021 онд Чилийн эдийн засаг 11%, Перу улсынх 13% өссөн нь тухайн улсын төр ажлаа хийж чадсан байна гэж дүгнэхээс өөр аргагүй. Өнгөрсөн жил зэсийн үнэ 10 мянган ам.доллар давсан. Коксжих нүүрсний үнэ 600 ам.доллар хүрсэн ч манай төрийн өмчит компаниуд маш бага үнээр борлуулалт хийсэн. Хамгийн урт хуурай замаар хиллэж, 13 боомтоор холбогддог атлаа хөршийнхөө хаяанаас экспортоо хийж чадахгүйд хүрсэн нь валютын хомсдолыг зах зээлд бий болгосон. Хэрэв Засгийн газар төмөр замаа тавьж, хөрш орнуудтайгаа хэлэлцээ хийж, экспортын бүс нутгаа “ковидгүй” байлгаж чадсан бол түүхий эдийн үнийн өсөлтийн супер цикл манай эдийн засгийг хэд дахин тэлэх байсан.

Дээр дурдсан бүхнийг дүгнэж үзвэл үнэ, ханш өссөн асуудалд Монгол банкны үйл ажиллагаанаас гадна Засгийн газрын үйл ажиллагааны нөлөө их байсныг анзаарч болно.

Орон тоо багасгах нь нэг талаас хэмнэлт мэт харагдаж байгаа боловч нөгөө талаас төрийн албан хаагчдыг хохироож байгаа явдал юм. Бид эхнээсээ орон тоог нэмэхгүй байхыг хэлж сануулсаар байсан. Нэгэнт орон тоог нэмэгдүүлж хүмүүсийг ажиллуулчихаад буцаад багасгах нь иргэдийг хохироож байна. Тэд ч бас амьдралтай, ипотекийн зээлтэй. Хүнтэй хүн ёсоор хандаж хүний эрхийн зөрчил гаргахгүй байх ёстой.  Тооцоо судалгаанаас харахад орон тоо багасгаснаар төдийлөн дорвитой хэмнэлт гарахгүй. Тиймээс хэмнэлтийг төрийн өмчийн компаниас эхлэх хэрэгтэй. Учир нь төрийн өмчийн компаниудын нийт хөрөнгө 40 их наяд төгрөг. Жилд ердөө 100 тэрбум хүрэхгүй төгрөгийг улсын төсөвт оруулж байна. Энэ шаардлагагүй барилга хөрөнгийг зарахад хэд дахин илүү их мөнгө төсөвт орж ирнэ.  Мөн стратегийн гол ач холбогдол бүхий ордуудын 10 хувьд хувьцаа гаргаж, иргэдэд нээлттэй байдлаар хувьцааг худалдана гэдгийг яаралтай оруулж ирэх шаардлагатай байна.

<< БҮХ МЭДЭЭГ УНШИХ