Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг худал мэдээлэл тараасан, нэр төрд халдсан хэргээр шүүхэд нэхэмжлэл гаргалаа

Цаг үеийн мэдээ   •   2021-05-21

 

           Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр  Засгийн Газрын 100 хоногийн тайлан мэдээллийн үеэр“УИХ-ын гишүүн С.Одонтуяа гэр бүлийн хүний хамт вакцины татан авалтад саад хийсэн” хэмээн баримт нотолгоогүй, хариуцлагагүй мэдэгдэл хийж цахим орчинд баримт нотолгоо байгаа мэт худал мэдээлэл тараасан.

Төрийн өндөр албан тушаалтан хүний амнаас гарч буй үг болгон хариуцлагатай байх ёстой. Вакцин авчрахад хаана яаж нөлөөлөөд гацаасан тухай нэг ч баталгаатай юм яриагүй. Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайдын тараасан худал мэдээллийг залруулах, бодит байдлыг тодруулах зайлшгүй шаардлага үүссэн тул холбогдох газруудад вакцинжуулалтын төлөвлөгөө, хэрэгжилтийн явцад миний бие хэрхэн, яаж оролцож саатуулсан, хор хохирол үйл ажиллагаа явуулсан эсэх талаар мэдээллийг яаралтай бичгээр ирүүлнэ үү гэсэн албан бичгүүдийг хүргүүлсэн.

Л.Оюун-Эрдэнийн ямар ч нотолгоогүй, логик уялдаагүй мэдэгдлээс дараах асуултууд урган гарч байгаа юм.

- Гадаад оронд суугаа Элчин сайд болон гаалийн ажилтнууд төрийн албан хаагчид хэн нэг хүн утсаар ярьсан төдий ажлаа цалгардуулж, үүрэг хариуцлагаа орхигдуулж байдаг юм уу?

- Вакцин худалдан авах, татаж авах ажиллагаанд элчин сайд, гаалийн ажилтнууд гацаах зогсоох хэмжээний нөлөөлөл үзүүлэх боломжтой юу, Тийм бол төрийн ажлын удирдлага, зохион байгуулалт, хэрэгжилтэд ноцтой алдаа байгаа биш үү?

- Ноцтой гэмт хэрэгт хүнийг баримтгүйгээр холбон зарлах нь хэвийн хэрэг мөн үү? Гэм буруутай эсэхийг шүүх л тогтооно гэсэн зарчим Засгийн газарт үйлчлэхээ больсон уу?

- Монгол улсад албан тушаалтнуудад хууль үйлчлэхээ больсон шинж тэмдэг сүүлийн үед олноор гарах болсны нэг нь Ерөнхий сайд ямар ч нотолгоогүй, ор үндэсгүйгээр шүүхийн шийдвэрээс урьтаж бусдыг гүтгэн харлуулж байгаа явдал боллоо гэж үзэж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг шүүх дээр хэлсэн ярьснаа нотлохыг шаардаж байна.  

Иймд Л.Оюун-Эрдэнэ нь Улс орон, нийгмийн эрүүл мэндийн эсрэг үйлдэл хийсэн мэтээр олон нийтэд УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга миний нэр хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаах зорилгоор,  ноцтой хууль бус үйл ажиллагаанд холбогдуулан ямар ч нотлох баримтгүйгээр гүтгэсэн гэж үзэж гэм хорын хохиролд 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Хариуцагч Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс гаргуулах гэм хорын хохирлын 100,000,000 төгрөгийг би цар тахлын улмаас цалин хөлс, орлогогүй болсон өрх толгойлсон эмэгтэйчүүдэд тарааж өгч, цар тахалын улмаас өрх гэр, үр хүүхдээ авч яваа эмэгтэйчүүдийнхээ амьдралд нэмэрлэх болно.

 

<< БҮХ МЭДЭЭГ УНШИХ