Зарц бол нарийн мэргэжил /С.Цогтсайхан/

Uncategorised   •   2012-02-17

 

С.Цогтсайхан агсны нийтлэл. Тухайн үеийн нийгмийн байдлын талаар бичиж байсан нийтлэл одоо үеийнхэнд сонин байх болов уу хэмээн орууллаа.

 

С.Цогтсайхан агсны нийтлэл. Тухайн үеийн нийгмийн байдлын талаар бичиж байсан нийтлэл одоо үеийнхэнд сонин байх болов уу хэмээн орууллаа.

 

Зарц, зарц, зарц… Бод доо, энэ үг чихэнд нэг л зэвүүн сонсогдож байгаа биз. Яагаад миний зүрх энэ энгийн үгийг хүлээж авахгүй байна вэ?

Монгол хүний тархинд угаасаа байсан зарц боолын тухай зөв ойлголтыг коммунизмын 75 жилийн дарлал 180 градус эргүүлж чадсан юм. Улаан коммунистууд яаж Октябрын цуст хувьсгалыг хийсэн бэ гэхээр,

-Чи боол зарц хүн бол чамд гинжнээсээ өөр алдах юм байхгүй. Эзнээ алаад эзэмшил газар, эрдэнэс баялгий нь дээрэмдэж ав, гэж харанхуй мунхаг “Хар масс”-д ойлгуулж чадсанд түүний ид шид оршино. Аливаа нийгэмд хүн амын ихэнх хувь нь хар массд мөнгө амлаагүй, цалин нэмнэ гэж яриагүй, гагцхүү баячуудын хөрөнгийг бүгдээрээ булааж дээрэмдэж аваад хуваагаад идчихье гэсэн санал тавьсан. Ийм амархан замаар хөрөнгө баялагтай болох нь архичин янхан, дээрэмчин, хулгайч, гэмт хэрэгтнүүдийн сэтгэлд яв цав нийлсэн нь мэдээж. Ерөөсөө эзнээ алаад л болох юм шив дээ гэж усан тэнэгүүд хийгээд “люмпенүүд” ойлгосон. Тэдэнд бизнес хийх чадал ухаан байгаагүй тэдэнд сурч боловсрох, шинийг бүтээх хүсэл байгаагүй, мөнгө олох, баян чинээлэг болох нь ямар хүнд хэцүү байдгийг тэд мэдэх ч үгүй мэдэхийг хүсэх ч үгүй хүмүүс. Хамгийн хялбар замаар хөрөнгөтэй болохыг л тэд хүсч байлаа. Ингээд цуст улаан тугийн дор эзнээ алж, эцэст нь эзэн хаанаа гэр бүлийн хамтад нь буудан алсан юм.

Энэ цусан зам Монгол орныг дайрч бид ч феодалын өмч хөрөнгийг хурааж том толгой лам, засаг ноёдыгоо ангийн дайсан хэмээгээд хядаж дуусгасан билээ. Тухайн үед ард хүн гэдэг чинь хэн байсан юм бэ? Шуудхан хэлэхэд зарц боолууд л байсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Ингэхээр Ардын хувьсгал гэдэг маань Зарц нарын хувьсгал гэсэн үг. Зарц нар нь галынхаа шүүгээнээс хутга өвөрлөж ирээд эзэн ноёноо хөнөөсөн явдлыг ардын хувьсгал гээд байгаа юм.

Энэ явдлаас хойш зарц боол байх нь хүний адаг шаар адил болж, эзэн ноёноо хөнөөх нь эрэлхэг баатар болохыг бид ясандаа ортол мэдэрчээ. Ингээд монгол хүний ой ухамсарт нормальный оршин байсан эзэн, ноён, баян гэсэн үгс жинхэнэ ненормальный болон хувирч хамгийн үзэн яддаг хүнээ баян, ноён, эзэгтэй хадагтай гэж баалах болжээ.

Хөрөнгө чинээтэй баян хүнийг дайсан адил үзэх хүмүүжлээр бид ертөнцийг харах болжээ. Удам угсаа ч үгүй, угаасаа үгээгүй хоосон ядуу ард Дамдины гэрт төрсөн хүн бол жинхэнэ сайн гэсэн ойлголтыг сүүлийн 75 жил бидний уураг тархинд мэс заслын аргаар хүчээр суулгаж өгчээ. Мэс засал, хутга засал магад буу заслын аргаар тулган хүлээлгэсэн байж болно.

Траншейнд амьдардаг ядарсан эмэгтэй Д гэгч ингэж ярьж байна.

– Ямар ч л байсан хүнд зарцлагдахгүй болоод л явна. Гуйлга хийдэг, хог ухдаг, заримдаа хулгай ч хийнэ. Биеэ үнэлнэ. Гэхдээ үхэж байсан ч айлд зарцлагдахгүй.

– Та олон мянган малтай айлд зарц болж очоод малнаас нь тасдаж аваад өсгөж үржүүлээд өөрийн гэсэн өмчтэй болж амьдрах хүсэлгүй юу?

– Тэгж баян айлын зарц болсноос эндээ хэвтэж байгаад үхсэн минь дээр.

Тэрбээр ингэж ярьж, ингэж сэтгэж байна. Зөвхөн энэ эмэгтэй ч биш бид бүгдээрээ тийм бодолтой яваа. Ийм үзэл бодол бидэнд өгсөн МАХН-даа баярлалгүй яахав. Зарц хүн юу хийдэг вэ? Юм угаана, индүүднэ, хоол хийж гэр цэвэрлэнэ. Хүүхэд асарч орон байраа харна. Тэгээд цалин хөлс авна. Энэ чинь жирийн нэг айлын эзэгтэйн л ажил шүү дээ. Тэгвэл өнөөдөр зарц гэдэг ойлголт янхнаас дор нэр хүндгүй байгаа нь манай нийгмийн нэгэн том эндүүрэл, зөрчил юм.

Өнөөдөр ажилгүй байгаа мянга мянган хүмүүс байна. Тэгвэл ажилдаа түүртээд юм юманд амжихгүй байгаа түг түмэн хүн байна. Яагаад нэг нь нэгэндээ туслаад, зарцуулаад, зарцлагдаад явж болохгүй гэж? Өнөөдөр Америкийн хүн амын 20 орчим хувь нь айлд зарц хийгээд сайхан амьдарч байна. Энэ бүх зарц нар нь ажлаа хаяад гудамжинд гарвал Америкийн траншейны тоо багадна. Үнэнч зарц байна гэдэг ямар ч нарийн мэргэжилтнээс илүү ховор нандин мэргэжил. Өрнөдийн жирийн айлын нохой монголын гуйлгачдаас хэдэн арав дахин илүү амьдарч байна. Хүмүүс нохойндоо өөрийн үр хүүхэд шигээ хайртай байна. Нохой эзэндээ “нохой шиг” үнэнч байна.

Зартай баян эр үхэхдээ зарцынхаа гар дээр нүд аньдаг. Зарцдаа үнэлж баршгүй өв хөрөнгөө үлдээсэн ч тохиолдол байдаг. Авъяас чадалтай чинээлэг ухаалаг хүнийг хайрлаж тэр хүний өгөөмөр буян хишгийг насан туршдаа хүртсэн хүнийг зарц гэдэг. Хүнийг хүндэтгэн хайрласан хүнийг бид яагаад хулгайч, янхан, дээрэмчин, алуурчинаас дорд үзнэм бэ? Гэтэл яагаад адууны хулгайчийг шилийн сайн эр гэж хүндэлнэ вэ? Шилийн сайн эр адуу хулгайлаад ядуу хүмүүст тараагаад өгчихдөг гэнэ ээ. Энэ бол цэвэр молиго. Энэ бол баячуудын хөрөнгийг цөлмөж, баян хүнийг өөртэй нь адилхан ядуу болгосон хүнд баярласнаа илэрхийлсэн мөрөөдөл юм.

Юм угааж хоол хийхээс илүү ихийг бүтээх илүү их мөнгө олох чадалтай хүн яагаад зарц авч болдоггүй билээ. Тэр ухаант хүнээр заавал юм угаалгаж хоол хийлгэж алтан сайхан цагийг нь дэмий үрүүлэхийг энэ коммунист дэглэм юунд тулгана вэ? Зарцлагдана гэдгийг доромжлогдоно гэсэн утгаар ойлгодог нь дэндүү харамсалтай.

Өнөөдөр монголын хүн амын 20 гаруй хувь нь ажил хөдөлмөр эрхлэхгүй байна. Чадалтай нэг нь чадалгүй нэгийгээ дэргэдээ авч орон байр, хоол унд, ажлаар хангаад явахыг зарц хөлслөх гэж ойлгож болно. Энэ бол хүн төрөлхтөний олон мянган жилийн турш явж ирсэн түүхэн уламжлал, тогтсон ёс жаяг юм. Хүн гэдэг амьтан бие биеийгээ түшиж, илүү дутуугаа нөхөлцөж явсаар ирсэн явах ч болно.

Зарц гэдэг үгнээс ихэд айж түүнийг хөлсний ажилчин, гэрээт ажилчин, цагийн ажилчин, зар хүргэгч, зараал, туслах ажилчин гэх мэт олон янзаар нэрлэх нь бий. Гэвч өнөөдөр монголын баячууд гэртээ зарц авсан нь нэн ховор. Монголын ядуу малчид чинээлэг айлыг түшээд мал сүргээс нь өсгөлцөөд ирсэн түүхтэй. Баян бүхэн муу муухай хүмүүс байдаггүй. Ихэнх нь хүнлэг сайн хүмүүс байдаг, тэднийг хаяа сайтай гэж ярьдаг. 1990 оны хувьсгалаас хойш монгол оронд баячууд ихээр төрөх болсон. Мянгат малчдын тоо түмнийхээ уураг тархинаас зарц гэсэн ойлголтыг өөрчилж чадаагүйгээс мянгат малчныг түшээд амьдрах ухамсар хэнд ч төрөхгүй байгаа бөгөөд гагцхүү малнаас нь хулгайлах “шилийн сайн эр болох” адын санаа газар авч байна. Эцэст нь хэлэхэд баян, ноён, хатан зарц боол, хатагтай, гэсэн үгийг урьд нь ямар байснаар нь сэргээх хэрэгтэй байна. Чадвал УИХ-аар ярилцаад шийдвэр бүр сайн.

<< БҮХ МЭДЭЭГ УНШИХ