Таван толгойг Монголчууд чадна, чадахгүй

Uncategorised   •   2012-02-17

 

Өнгөрсөн сард (2011 оны 1 сард) мөнгөний нийлүүлэлт 5 их наяд төгрөг хүрч, манай эдийн засаг үлээсэн гүзээ шиг зогсолтгүй тэлж байгаа нь эрдэс баялгийн шуугианаас сэдэгдсэн хүлээлтээс үүдэлтэй юм.

 

“Эрдэнэс-Таван толгой” ХК-аас иргэн бүрт 550 ширхэг хувьцаа тарааж, аж ахуйн нэгжүүд 10 хувийг нь нэрлэсэн үнээр нь авна гээд байхаас хувьцааны үнэ нь өсөх эсэх, ашиг өгөх эсэхийг мэдэх хүн алга.Хувьцаа тараахаасаа өмнө ТӨР иргэддээ ядаж хувьцаа гэдэг юу болох, арилжаагаа хэрхэн яаж хийх, зөв ойлголт, мэдрэмжгүйн улмаас хоромхон зуур хоосорч болдог гэх мэт ядаж анхан шатны ойлголт сургалтыг хийж, хэвлэл мэдээллээр мэдээлж байхгүй бол дээр үеийн улаан цэнхэр тасалбараас цөөхөн хэдэн хүн баяжсан гашуун сургамж давтагдах вий. Хийхийг биш яаж хуваахаа маргаад зав алга.Өгвөл авна, өгөхгүй байсан ч авна гээд түрхэн хүлээж байна. Харин манай хэдэн бизнесменүүд “Бид оролцъё, хийе” гэтэл Таван толгойг Монголчууд өөрсдөө чадна чадахгүй гээд бөөн сенсаци. МОНГОЛЫН ТӨР Монголчуудаа хэзээ үнэлдэг болохын бол. Үнэлдэггүй юм аа гэхэд хэзээ ажил хийлгэж сургахын бол.

Бид өөртөө итгэж, бусдын туршлагаас сурах хэрэгтэй. Хоцрогдсон бүдүүлэг хөдөө аж ахуйн орноос дэлхийд тэргүүлэгч орон болтлоо хэдхэн арван жилийн дотор хөгжсөн Солонгос орны энэ их өөрчлөлтөд хувь нэмрээ оруулсан компани бол “Хьюндай” юм. Тэдний хөдөлмөр зүтгэл, бүтээн байгуулалт нь зөвхөн Солонгосын баялаг болон үлджээ. Өмнөд Солонгосын “Хьюндай” бизнесийн группийг үндэслэгч дэлхийд цуутай Чанг Жу Юнгийн туулсан амжилтын зам мөр, түүний дурсамж номондоо ийнхүү үгүүлсэн нь өөрийн эрхгүй нэгийг санагдуулна.

Туршлагагүй байсан боловч тэрээр дэлхийн хамгийн том усан онгоцны үйлдвэрийг байгуулж чадсан Чанг эрхэлсэн бизнес болгондоо тулгарсан бэрхшээл саад бүхнийг хайхралгүй даван туулж, ажилтанд хүрэх оносон шийдвэрийг гаргаж чаддагт түүнийг амжилтын утга учир байлаа. Овсгоо самбаатай оюун ухааныг тууштай баримтлан 200 мянган ажилчдаа хүн бүрийг нь ийм сэтгэлгээтэй болгон сургахын тулд эцэж цуцахыг үл хайхран ажилласан нь Хьюндайн түүхийн амжилтын таних тэмдэг болон алдаршсан юм.

1970 онд Чанг Жу Юнг хөлөг онгоц үйлдвэрлэхээр шийдээд байлаа. Түүний компанийн тухай барууны цөөн фирмүүд мэдэх болсон хэдий ч хамтран ажиллахыг төдийлөн хүсэж байсангүй. Чанг Японы хэд хэдэн компаниас тусламж хүссэн боловч, ганцхан “Мицубиши Хэви Индастрис” пүүс Солонгосын компанитай хамтран ажиллах хэрэг ярилцаж болох юм гэсэн хариу өгчээ. Олон сар үргэлжилсэн хэлцлийн эцэст “Мицубиши” нь “Хьюндай” компанид өөрийн саналаа тавьсан нь тэд Хьюндайгийн хөлөг онгоцны ачаа тээх хүчин чадал ойролцоогоор 50000 тоннын даацтай байхаар хязгаар тогтоож, төслийг бүхэлд нь хянах онцгой эрх олговол Солонгосын компанид тусална гэв. Тэдний энэ саналыг Чанг Япончууд Солонгосыг Колоничлох байсан үеийн хандлагаа дахин сэргээн сануулах гэсэн оролдлого хэмээн үзсэн юм. Япончууд үнэн хэрэгтээ өндөр ашиг бүхий 50000 тонноос дээш даацтай том хөлөг онгоцны зах зээлд Солонгосын үйлдвэрлэгчдийг оруулахгүй санаатай байжээ.

Чанг “Мицубиши”-гийн саналаас татгалзсан нь энэ зах зээлд томоохон үүрэг гүйцэтгэгч болоход харин ч тус болжээ. Тэрээр аялдан дагалдагч биш, харин тэргүүлэгч болохыг хүсэж байв. Солонгосын засгийн газраас “Хьюндай” компанид итгэж өгсөн 10 сая доллароос гадна, өөрийн үйл ажиллагаанаас олж чадах бэлэн бус 10 сая доллар л түүнд байв.

Дараа нь тэр Лондон руу нисэж хүрэв. Чанг өөрийн төслөө Барклейн банкны төлөөлөгчдөд үзүүлж, хэд хэдэн онгоц барихад шаардагдах зээл олгохыг хүсэв.

Түүнийг тэвчээр гарган сонссон Барклейн банкны төлөөлөгч “Солонгосын ямар ч компани том хөлөг онгоц хийж байгаагүй, мөн ийм технологийг ч эзэмшээгүй шүү дээ” гэхэд нь Чанг “Харин бид тэр тусмаа хийж чадна” гэж зүтгээд “Солонгосчууд 16-р зууны үед хуягласан хөлөг онгоц хийж байсан юм. Та нар ийм хөлөг онгоцыг дөнгөж 19-р зуунд хийж эхэлсэн Английн нэгдсэн вант улстай Солонгос орныг харьцуулж болохгүй. Бид нэгэнт хийж эхэлсэн л бол бидний агуу их хүч, ур чадвар шавхагдашгүй ундрах болно” гэжээ. Энэ үг байндаа тусаж англичууд Хьюндайг дэмжихээр зөвшөөрч, Чанг ажил хэрэгт зориулж 50 сая доллар зээлэх эрхийг авч чадсан байна. Ийнхүү 57 настай Чанг хөлөг онгоц барих үйл хэрэгт хөл тавьсан түүхтэй.

Хожим амжилтанд хүрснийхээ дараа Чанг “Миний бодож байгаагаар гайхамшигт үйл явдлууд улс төр, эсвэл эдийн засагт биш харин итгэл бишрэлд л тохиолддог. Чухамхүү өөртөө бүрэн итгэлтэй байх явдал л шантаршгүй оролдлого , хүчин зүтгэлийг төрүүлдэг. Энэ бол гайхамшигт үйл явдлуудыг нээх түлхүүр юм. Хүний хүч чадал гэдэг ерөөс хязгааргүй бөлгөө” гэжээ.

Солонгосын хийгээд “Хьюндай” компанийн хувьд тэр үеийн БНСУ-ын төрийн тэргүүн Пак Чун Хигийн оролцоо нэн чухал үүрэг гүйцэтгэжээ. Пак засгийн газрын санхүүжилтийг санаачилж, ажилчдыг технологи, боловсрол эзэмшүүлэх сургалтанд хамруулан, ажил хэрэгч хүмүүст боломж олгох, зах зээлийг хамгаалах арга замыг эрэлхийлэн ажиллаж чадсан юм. Бизнес, төр хоёр холбоогүй гэсэн андуу бодолтой барууныханд энэ хамтын ажиллагааг ойлгоход бэрхтэй боловч энэ харилцаа нь Солонгосын хувьд үр ашгаа өгсөн юм. Бид ч энэ туршлагыг хэрэгжүүлж, төр нь бизнесменүүдээ дэмжиж хамтран Таван толгой дээр ажиллавал Монголын баялаг болон үлдэх юм даа.

Сэтгэхүйн хувьсгал хийхгүйгээр Эдийн засгийн хувьсгал амжилтанд хүрэхгүй. Аливаа зүйлд хандах хандлагыг өөрчлөхгүй бол юу ч өөрчлөгдөхгүй. Энэ бол Монголчууд бидний ОРОЛЦОО юм.

Бидэнд итгэл хэрэгтэй, Итгэл байхын тулд ҮНДЭСНИЙ БАХАРХАЛ хэрэгтэй. Бид их өөрчлөлтөд өөрсдийгөө бэлтгэж, зохион байгуулж, ажил хийж сурах ёстой. Хувь заяагаа тодорхойлдог байх ёстой.

<< БҮХ МЭДЭЭГ УНШИХ