Аз жаргалын тухай миний ойлголт

Uncategorised   •   2012-02-22

 

Амьдралын утга учир болсон аз жаргалд хүрэхээр хүн бүр өөр өөрөөр тэмүүлдэг билээ. Гэвч хүмүүс аз жаргалыг дандаа л ямар нэгэн юмтай уяж, бусдаас хамааруулаад байдаг мэт.

Амьдралын утга учир болсон аз жаргалд хүрэхээр хүн бүр өөр өөрөөр тэмүүлдэг билээ.

Гэвч хүмүүс аз жаргалыг дандаа л ямар нэгэн юмтай уяж, бусдаас хамааруулаад байдаг мэт. Би ингэвэл жаргана, одоо яг үүнийг л дуусгачихвал, эсвэл тэр намайг хайрладагсан бол гэх зэргээр аз жаргал нь өөр өөрийнх нь гарт бус, өрөөлийн хүсэл зоригоос шалтгаалах мэт ойлгодог.

Би ч 5 жилийн өмнө иймэрхүү явцуу бодолтой байсан байж магад. Одоо бол би өөрийн дуртай ажлаа хийгээд, улс орныхоо хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулаад, эцэг эх, хань ижил үр хүүхэдтэйгээ эрүүл энх, элэг бүтэн амьдарч байгаагаа аз жаргал гэж мэдэрч, өнөөдрөөр жаргаж, түүнийгээ бусадтай хуваалцахыг эрмэлзэх болсон. Урьд нь ажил гэж гүйсээр таардаг байж,. Ажил гэдэг хэзээ ч дуусдаггүй, хийгээд л байвал хоногийн 24 цаг ч ажиллах юм байна гэж би ойлгосон болохоор одоо эцэг эх, гэр бүлдээ, бас өөртөө заавал цаг гаргахыг “миний зайлшгүй хийх ёстой зүйл” гэж мөрдөх болсон минь үнэхээр чухал ололт. Монголын эмэгтэйчүүдэд хийж чадахгүй ажил гэж үгүй, нийгмийн бүх салбарт яаж энэ бүгдийг хийж чадваа гэмээр хүчирхэг байгууллагуудыг удирдагч эмэгтэйчүүд зөндөө. Харин бүгдэд нь байдаг ганц дутагдал бол эрүүл амьдрал, эрүүл гоо сайхны тухай ойлголт тун доогуур байдаг явдал. Бриллиант зүүвэл яаж харагдах, ямар фирмийн, ямар хувцас гоё байдгийг хүүхнүүд сайн мэддэг мөртлөө, хүүхнүүд эрүүл мэнд, хоолны соёлын тухай огт мэддэггүй, мэдэхийг ч хүсдэггүй нь харамсалтай. Би 5 жилийн өмнө бусад монгол хүүхнүүдийн адил өөхтэй буузаа идээд л, бүдүүрээд л, түүнийхээ бурууг бусдад тохоод суудаг байлаа. Анх орос найз маань амьдралын эрүүл хэв маяг, зөв хооллолтын дэглэмийн тухай номыг авчирч өгсөнөөр бид амьдралын хэв маягаа 100 хувь өөрчилж чадсан юм.

Бие цогцосын гоо сайхан бол дотор биеийн эрүүл мэнд, эрүүл тайван сэтгэлгээтэй шууд холбоотой болохоор үнэтэй гоё будаг, тос түрхэж, ганган хувцасласнаар гоо сайхан болчихлоо гэж найдах нь дэндүү гоомой хэрэг.

Спортоор уйгагүй хичээллэж, биеэ арчилж, биед хэрэггүй бүхнээс татгалзаж уураг тархи, бие, сэтгэлээ удирдан жолоодох ухаан, тэвчээртэй байвал залуужиж, эрүүлжиж болдгийг би сайн ойлгож авсан.

Түүнээс биш тос түрхээд 3 хоногийн дотор турчихна, эм уугаад жингээ хасчихна гэж залхуураад, өөрийгөө өөгшүүлээд байвал өтлөөд л, тэрэндээ комплексдоод л явна шүү дээ. Энэ айл эрүүл явах уу, зөв хооллож, амьдарч байна уу, нөхөр хүүхэд эрүүл байна уу, ер нь айлын голомт ямар байх вэ гэдэг эмэгтэй хүнээс л шалтгаална. Найз нөхдөө харахад сайн яваа хүмүүсийн эхнэрүүд дандаа ухаалаг хүүхнүүд байх жишээтэй. Эмэгтэй хүн уран нарийн ухаан сийлж, аливаад уужим, өгөөмөр байж “жижиг чулуугаар том чулууг цохиж” байж аливааг зохицуулна. Би улс төр, бизнес, нийгмийн ажлуудаа эрх чөлөөтэй хийж байгаа ч гэртээ хэзээ ч нөхрийнхөө урдуур орж, үг зэрэгцээд байдаггүй.Ямар ч том албан тушаалтай эмэгтэй гэртээ ороод гэрийн эзэгтэй л байх ёстой. Ажил дээрээ ч тэр бусдыг дарамтлан, цээж түрэн ханхалзана гэдгийг би огт ойлгодоггүй. Ер нь хүн хатуу байх тусам амьдрал нь хатуу байдаг, харин өөрөө аядуу зөөлөн, уужуу талбиун байвал амьдрал ч бас зөөлөн ханддаг юм гэж би ойлгодог. Би өөрөө бухимдаад эхэлбэл намайг тойрсон бусад хүмүүс дагаад хямарчих учраас аль болох өөрийгөө тайван байлгах арга замыг хайдаг. Эр хүн алсын онч хараатай байдаг бол, эмэгтэй хүн бүгдийг хараандаа зэрэг байлгах чадвартай. Би бүхнийг анзаарч байдаг ч оролцох хэрэггүй юманд хошуу дүрдэггүй, дэвэргэх хэрэггүй юманд онцын ач холбогдол өгдөггүй. Ялих шалихгүй бэрхшээлийг амьдралын зовлон болтол хөөрөгдөөд өөрөө түүндээ шаналах нь утгагүй хэрэг. Нөхөр бид хоёр дунд сургуулийн нэг ангийн хүүхдүүд. Сургуулиа төгссөний дараа үерхэж эхлээд 20-тойдоо сууж байлаа. Ер нь тэгээд нөхөр бид хоёрын хөдөлмөр хүүхдүүдэд маань л зориулагдсан байдаг. Бидний үрс зүтгэж бий болгосныг минь үргэлжлүүлж, өөрсдөө аз жаргалтай явахын тулд амьдралын ханиа зөв сонгоосой гэж ямагт бодож, зовниж байдаг даа. “Ямар ч хөрөнгөтэй, зүс царайтай байг хамаагүй, зөв хүмүүжилтэй бол хүний амьдрал, үйлс аяндаа бүтнэ. Урд уу, хойно уу, хаана байгаа нь чухал биш, зөв зам дээр байна гэдэг хамгийн чухал” гэж хүүхдүүддээ захидаг юм.

<< БҮХ МЭДЭЭГ УНШИХ